Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг өдөр тутамдаа хэрэглэх нь эрүүл мэндийг дэмжих, дутагдлыг нөхөх, дархлаа болон сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй. Гэхдээ эдгээрийг зөв цагт, зөв аргаар хэрэглэхгүй бол шимэгдэлт буурах, бие махбодод шаардлагатай хэлбэрээр очихгүй байх эрсдэлтэй.
Доорх зөвлөмжүүд нь түгээмэл хэрэглэгддэг зарим нэмэлт бүтээгдэхүүнийг хэзээ, хэрхэн хэрэглэх талаар тусгаж байна.
1. Витамин D
Хэзээ уух вэ: Өглөөний хоолны үеэр
Яагаад: Витамин D нь тосонд уусдаг тул шимэгдэлт сайжруулахын тулд эрүүл өөх тос агуулсан хүнстэй хамт хэрэглэх шаардлагатай. Авокадо, самар, өндөг, оливын тос зэрэг нь тохиромжтой хослол болно.
2. Магни
Хэзээ уух вэ: Орой, унтахаас өмнө
Яагаад: Магни нь булчин суллаж, мэдрэлийн системийг тайвшруулах нөлөөтэй тул унтахын өмнө уувал илүү үр дүнтэй. Мөн гүн нойронд орж, өглөө сэргэг сэрэхэд дэмжлэг үзүүлнэ.
3. Омега-3
Хэзээ уух вэ: Өдрийн хоолтой хамт
Яагаад: Омега-3 нь өөх тосны хүчил тул өдрийн хоолонд агуулагдах тосны хамт уух нь шимэгдэлт сайжруулдаг. Түүнчлэн, өдрийн цагаар уувал ходоодны хямрал, гүйлгэх зэрэг сөрөг нөлөө багасдаг.
4. В-комплекс (B-комплекс витамин)
Хэзээ уух вэ: Өглөө
Яагаад: В бүлгийн витаминууд нь энерги ялгаруулалт, төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг дэмждэг. Өглөө уувал өдрийн турш илүү эрч хүчтэй, анхаарал төвлөрсөн байдлыг хангахад тусална.
5. Пробиотик
Хэзээ уух вэ: Өлөн үед
Яагаад: Хоол боловсруулах замд үр дүнтэйгээр хүрэхийн тулд пробиотикуудыг өлөн үед уух хэрэгтэй. Гэхдээ халуун зүйлтэй хамт хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй. Хэт халуун шингэн нь амьд бактериудыг устгах эрсдэлтэй.
6. Төмөр
Хэзээ уух вэ: Өлөн үед, С витаминтай хамт
Яагаад: Төмөр нь С витаминаар шимэгдэлт нь сайжирдаг. Гэхдээ кальцитай зэрэгцүүлэн ууж болохгүй. Кальци нь төмрийн шимэгдэлтийг дарангуйлдаг тул хооронд нь зайтай уух шаардлагатай.
7. Цайр
Хэзээ уух вэ: Орой, төмрөөс зайтай
Яагаад: Цайрыг оройн цагаар, дангаар нь эсвэл хөнгөн хоолны дараа уух тохиромжтой. Төмөртэй хамт уувал хоёр нь шимэгдэхэд харшилдаг тул хооронд нь 2–3 цагийн зайтай уух шаардлагатай.
8. Мелатонин
Хэзээ уух вэ: Унтахаас 30 минутын өмнө
Яагаад: Мелатонин бол бие махбодоос ялгардаг нойрны даавар бөгөөд нэмэлт байдлаар уух үед шөнийн хэмнэлийг дэмжиж, унтах хугацаа, чанарыг сайжруулдаг. Зөв цагт хэрэглэх нь хамгийн үр дүнтэй.
Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг өдөр тутмын амьдралдаа зөв хуваарилж, зохих цагт хэрэглэх нь бие махбодод шингэх, хэрэгцээт ашиг тусыг нь бүрэн дүүрэн хүртэх үндэс болдог. Буруу цагт уух нь үр дүнг бууруулахаас гадна зарим үед сөрөг нөлөө үзүүлэх ч магадлалтай. Иймд та бүтээгдэхүүн тус бүрийн онцлогт тохируулан хэрэглэх хугацаагаа зөв тохируулахыг зөвлөж байна.
Хувийн биеийн онцлог, өвчний түүхтэй холбоотойгоор эм, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийн өмнө мэргэжлийн эмч, эм зүйчээс зөвлөгөө авахыг санал болгож байна.
Хүнсний нэмэлт нь зөвхөн хэрэглэх цаг хугацаанаас бус, таны биеийн хэрэгцээ болон хооллолтын онцлогоос хамаардаг. Ерөнхийдөө:
-
Өглөө: Витамин C, B бүлгийн витамин, Омега-3 гэх мэт эрч хүч өгдөг нэмэлтүүдийг өглөө уувал зохимжтой.
-
Хоолны дараа: Тосонд уусдаг витамин (A, D, E, K) болон эрдэсүүдийг хоолтой хамт уувал шимэгдэлт сайжирна.
-
Орой: Магни, цайр зэрэг тайвшруулах, булчинд нөлөөлөх нэмэлтүүдийг орой уувал амралт, нойрт тустай.
Эх сурвалж: National Institutes of Health (NIH), Office of Dietary Supplements – https://ods.od.nih.gov
