Нурууны эрүүл мэнд – Бүх биеийн үндэс. Бидний биеийг хүн дүрстэй байлгаж байгаа, хийж буй хөдөлгөөн, дотоод эрхтэний хэвийн үйл ажиллагааны үндэсийн үндэс бол яах ч аргагүй багана нуруу юм. Үүнийг батлах олон тохиолдлыг дурдаж болно.
Толгой нь байнга өвддөг, зүрхээр нь хатгуулах, хэм алдах зовиуртай байсан нэгэн өвчтөний нурууны дээд хэсэг хүзүү орчмыг засаж, блокийг гаргасны дараа дээрх зовиурууд ор мөргүй алга болж байсан тохиолдол бий.
Мөн нойргүйдэлд орсон, ходоод нь өвддөг хүний нуруунд зохих засал хийсний дараа бие нь хэвийн болсон жишээ ч бий. Хамаатны маань нэг эгчийн хөх нь өвдөөд, ямар ч эмэнд өвдөлт нь намдахгүй байсны улмаас хавдартай болов уу хэмээн сэтгэл нь хямраад байсан. Гэтэл багадаа унаснаас болоод нурууных нь дээд хэсэгт гэмтэл үүссэн байсныг мэдэлгүй явсаар, тэр нь хөх, цээжний хэсгийн өвдөлтийн шалтгаан нь болж байсан нь тогтоогдсон.
Эдгээр жишээг хэлэхийн учир нь — бидний биед, дотоод эрхтэнд маань үүсээд буй олон зовиурын ихэнх хувь нь нуруунд үүссэн гэмтэл, муруйлт, дискийн гэмтэл зэрэгтэй холбоотой байдгийг сануулах гэсэн юм. Тиймээс хүн бүр эрүүл байхын үнэ цэнийг ухамсарлаж, өөрийн болон ойр дотнынхныхоо нуруу эрүүл эсэхэд анхаарч байх нь маш чухал.
Эхлээд та өөрийгөө хажуу талаасаа толинд хараад үзээрэй. Хүзүү урагшаа хэт суусан, сээрээрээ бөгтөр, ууцны хэсгээрээ их хотгор, гэдэс урагш унжсан, цээжний хөх мах унжсан байна уу? Уг нь бидний нуруу тодорхой нумаар зөөлөн нумарсан хэлбэртэй байх ёстой. Хэт шулуун байх нь ч бас эрүүл бус гэж тооцогддог.
Ихэнх тохиолдолд суудлын мэдрэл дарагдаж, диск гэмтсэний дараа л гамгүй хандсанаа ойлгодог нь харамсалтай нь хэт оройтсон байдаг. Энэ асуудал хүүхдээ багаас нь цэх, зөв суух дадалд сургахаас эхэлж яригдах ёстой. Хөдөлгөөн хийх, явахад ч зөв хэвшлийг төлөвшүүлэх шаардлагатай.
Хуучны сударт хүний нурууг олон алтан зоосыг давхарлан өрсөн мэт зүйрлэсэн байдаг. Хэт зөөлөн суудал дээр суух үед зарим булчин хэт суларч, зарим нь огтхон ч суларч чаддаггүй. Мөн телевизийн өмнө хагас суугаа, хагас хэвтээ байдлаар удаан юм үзэх нь нурууг үнэхээр “үгүй” хийдэг.
Хөлнөөсөө их даардаг хүмүүс ихэнхдээ бөөрний хүйтэн хийтэй болсон байдаг ба энэ нь нуруу өвдөх нэг шалтгаан болдог. Учир нь бөөр бол төрийн түшмэл мэт нурууг түшиж байдаг. Хүйтэн цементэн шалан дээр хөл нүцгэн явах нь эмэгтэйчүүдийн хувьд цистит тусах, цагаан юм гарах, бөөр давсагны асуудал үүсэхэд хүргэдэг гадаад хүчин зүйлүүдийн нэг юм. Энэ нь мөн нуруунд ачаалал үүсгэдэг.
Багадаа ханиад томуу их хүрч, хүчтэй антибиотикоор дарагддаг байсан хүүхдүүд томроход бөөр муутай болох нь элбэг. Харин бөөр муутай бол нуруунд заавал асуудал үүсдэгийг анхаарах хэрэгтэй. Элэг муу бол бөөр эрүүл байх аргагүй хэмээн хуучны ухаант эмч домч нар хэлдэг нь ч учиртай.
Тэгвэл нуруугаа хэрхэн эрүүл байлгах вэ? Яаж өөрөө анхаарч, засах вэ?
Хаана ч суухдаа аль болох эгц, цэх суухыг хичээх хэрэгтэй. Дотроо нурууны нугасаар төмөр сум нэвт хатгасан мэт төсөөлбөл, нуруугаа шулуутгахад нэмэртэй. Явган явахдаа толгойн оройгоо мэдэрч, толгойд шүргэм ойрхон тааз байна гэж төсөөлөн, түүнд толгойн оройгоороо хүрэх гэж буй мэт бодвол нуруу цэх байж чаддаг. Үсний эргүүлэг хавьцаагаар оройгоо баримжаалах нь илүү үр дүнтэй байдаг.
Ганцхан бодох биш, яг бодитоор тэгж шүргэх гэж хичээж явах нь чухал. Хүүхдүүд амархан мартах, залхах хандлагатай байдаг тул тэдэнд дуртай зүйлээр нь, хайртай тамирчнаар жишээ авч урам өгч сургаарай. Жишээ нь: “Миний хүү цэх суувал энэ сагсчин ах шигээ өндөр, сайхан нуруутай, мундаг тоглогч болно” гэх мэт.
Нуруу цэх, дээр хэлсэнчлэн “ойрхон тааз шүргэх гэж төсөөлдөг” хүүхдүүд ер нь амархан өсөж өндөр болдог. Бас хамгийн чухал нь — зөв дасгал хөдөлгөөн, иогийг тогтмол хийх. Биеийн бусад хэсэгтэй адил нуруу ч бас тодорхой сунгалт, хөдөлгөөн шаарддаг.
Нурууны сунгалт, зөв хөдөлгөөнөөр л нурууны бүхий л эд эс сэргэж, шим тэжээлээр хангагдаж шинэчлэгддэг. Нуруунд сөрөг нөлөөтэй бас нэг зүйл бол илүүдэл жин. Мэдээж, хэт таргалалт сайн биш. Гэхдээ хэт туранхай байх ч бас сөрөг үр дагавартай. Хүйтэн хий арвидаж, шөрмөс ясанд шунавал эдгэрэлт муу, архаг өвчтэй болох нь бий.
Хэт зөөлөн орон дээр өндөр дэртэй унтах нь тийм ч сайн биш. Залуучууд аль болох хатуу талдаа орон дээр, намхан дэртэй унтаж сурвал сайн. Витамин D, C, A болон коллаген сайн хэрэглэвэл нурууны нугалам холбогч эд, шөрмөс, диск уян, бат бөх болох гол түүхий эд нь болдог. Коллаген хэрэглэвэл заавал C витаминаар хослуулах хэрэгтэй.
Нурууны гэмтэл, өөрчлөлтөөс болоод дотоод эрхтэнүүд өвдөж, түүнийгээ мэдэлгүй, хэрэггүй эм ууж өөрийгөө хордуулаад, цаг мөнгөө дэмий үрэх вий гэдгийг л анхааруулмаар байна. Тиймээс шинжилгээ өгөхөөр болсон бол, нуруугаа ч мөн адил мэргэжлийн хүмүүст үзүүлж, зураг мураа авахуулж байгаарай.
Нуруу цэх хүн урт насалдаг, бас биеийн эсэргүүцэл сайтай байдаг. Дашрамд хэлэхэд, хатуу орон дээр унтахад хүн турдаг. Учир нь зөөлөн орон дээр унтахад биеийн булчингууд сайн суларч, амарч чаддаггүй. Үүнээс болж элэг зэрэг эрхтэнд очих цусны эргэлт муудаж, цус шүүх үйл ажиллагаа сулардаг.
Иймээс олон хүн гүн нойрсож чаддаггүй. Хатуу, хатуувтар орон дээр унтаж хэвшвэл цусны эргэлт боогдохгүй, элэг ч ажлаа сайн хийж, 3–4 сард элдэв эм тан уухгүйгээр 3–5 кг хасдаг. Үүнийг ч бас санаж яваарай. Таны бие эрүүл, ухаан саруул байг.
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах