Чой. Лувсанжав багшийн “Хэл сурах тухай” бичвэрээс
-
Хэл бол гоёл биш. Тийм учраас дуржигнатал ярих нь гол нь биш, харин тухайн хэлний зүй тогтолыг маш нарийн мэдэх нь чухал.
-
Хэлийг ингэж тэгж сурна гэсэн яг таг томъёолж тогтоосон арга гэж үгүй. Сурах арга нь тухайн хүнээс өөрөөс нь ч гараад ирж мэднэ.
-
Гадаад хэл сурах нь уйгагүй оролдлого, тэсвэр тэвчээр шаардсан хүнд хүчир ажил. Үүнийг өөр зүйлтэй зүйрлэвээс — элсэн уулын оройд гарахын тулд цуцаж туйлдахаас шантралгүй, цөхрөлтгүй мацахтай адил. Тэр элсэн манхан уулын оройд нэг л гарчих юм бол цаашаагаа гулсаад буухад хэцүү биш.
Гадаад хэлийг сурчихаад үр шимийг нь хүртэж суух нь үнэхээр сайхан. Энэ нь алимны модыг байнга арчилж, тордсоны хүчинд ургуулан, амтат жимсийг нь хувааж идэхтэй адил.
-
Оролдлого муутай хүний оюун тархи хөгжихгүй, улмаар ухааны сүв нь дорхноо битүүрнэ. Эрдэнэт хүмүүний бие төрлийг олж төрсөн бол ихийг сурч, бүтээх учиртай. Түүнээс биш зөвхөн баас, шээсний үйлдвэр болж явсаар нэгэн насыг элээх ёсгүй.
-
Сүүг нь ууж, сүүлийг нь хөхөж өсчихөөд монгол ахуйгаа муучлах хэрэггүй. Тэгвэл гутлыг нь өмсөөд эзнийг нь өшиглөсөнтэй адил, тун тусгүй, нүнжиг жудаггүй хэрэг болно.
-
Шаргуу дайралтаар хичээллэж, арга нь зөв байвал англи хэлийг 7 сарын дотор унших, бичих, ярих хэмжээнд сурч болно. Би багш нарын амралтын 42 хоногт өдөр бүр 10 цаг хичээллэж, нийт 420 цагийн турш тухайн хэлний “гадартай” болох төдийгүй “дотортой” болсон. Герман, франц хэлийг яг ийм маягаар сурсан.
-
Гадаад хэл суръя гэвэл өдөр өнжилгүй хичээллэх шаардлагатай. “Томилолтоор явлаа”, “амралтаа авсан” гэх мэт аян шалтаг хайж, завсарлачих юм бол сурах гэж байсан хэл чинь өөрөө ч “томилолтоор явчих” буюу “амралтаа аваад” алга болно. “Өвдлөө”, “халуурлаа” гээд сурч буй хэлээ хойш тавьж болохгүй. Ухаан тавиагүй л бол, хэлээ үзээд л байх хэрэгтэй.
-
Таван үгээр бүтсэн өгүүлбэрийн талыг нь мэдэхгүй мөртлөө толь харахаас төвөгшөөж, гөрдөж ойлгох гэж оролдох нь — нэг том хатуу ааруулыг амандаа хүлхээд, хагалж чадалгүй бүхлээр нь залгих гэж оролдоход хоолой дээр тээглэж хаашаа ч үгүй болдогтой ижил.
-
Их унших тусам үг нүдэнд дасч, сэтгэлд хоногшиж, тогтоно. Энэ нь эгэл амьдралын жишээгээр бол эр нөхөр олон жил ханилсан эхнэрээ хаа холоос хараад таньдагтай адил. Түүнийг алсаас, бүр ар талаас нь хараад ч “манай нөгөөх байна” гэж шууд хэлж чаддагтай ижил.
-
Ойлгохгүй ч гэсэн их уншаад байхаар үг аяндаа ой тойнд тогтож, цээжлэх гэж зүтгэлгүйгээр, толь сөхөөд л утгыг нь мэддэг болно.
-
Гадаад хэл сурахын тулд уг хэлээ зайлшгүй чухал хэмээн итгэж, үнэн сэтгэлээсээ сонирхон, дуртай байх хэрэгтэй. Хаана ч явсан, хэлээ “хаялгүй” нухлаад л байх ёстой. Жишээ нь, дэлгүүрээс талх авахаар явлаа гэхэд — “талх авах тухайгаа” бодохын оронд “үүнийг сурах гэж буй гадаад хэлээр юу гэж хэлэх ёстой вэ?” хэмээн өөртөө хайрцаглан бодож, сэтгэж явах хэрэгтэй.
-
Цаг заваа ямагт зөв ашиглаж, үр бүтээлтэй өнгөрөөх ёстой. Дэмий юм бодож, дэмий юм санаж, дамий юм ярих хэрэггүй. Харин бодох юмаа бодож, хийх юмаа хий.
Эх сурвалж: Чой. Лувсанжав