Хятадад жирэмслэлт робот бүтээж байна

by admin

Хятадын эрдэмтэд дэлхийн анхны жирэмслэлт роботыг хөгжүүлж байна. Энэ нь хүний төрхтэй, ураг тээж бүрэн хугацаанд бойжуулан амьд хүүхэд төрүүлэх зориулалттай машин юм.

Daily Mail-ийн мэдээлснээр уг робот нь байгалийн жирэмслэлтийг дуурайлган ажиллах хиймэл умайгаар тоноглогдох бөгөөд тэжээллэг бодисыг хоолойгоор дамжуулан нийлүүлж, ураг хиймэл амнион шингэнтэй төстэй орчинд өсөх юм байна.

Төслийг Kaiwa Technology-ийн үүсгэн байгуулагч доктор Жан Чифэн удирдаж байгаа бөгөөд тэрээр технологи нь “боловсорч гүйцсэн шатанд” хүрсэн гэж мэдэгдэж, ирэх онд анхны туршилтын загвар гарна гэжээ. Төслийн зорилго нь үр тогтсоноос төрөх хүртэлх жирэмслэлтийн бүх үйл явцыг робот дотор бүрэн дуурайж хэрэгжүүлэхэд оршиж байна.

Хэдийгээр үр тогтолт, суулт хэрхэн хийгдэх нь тодорхойгүй байгаа ч уг санаа нь өмнө нь дутуу төрсөн хургыг хиймэл умайд хэдэн долоо хоногийн турш амьд бойжуулсан “биобаг” туршилтын үр дүн дээр тулгуурлажээ.

Yahoo News-ийн мэдээлснээр уг шинэ технологи нь хүчтэй ёс зүйн маргаан дэгдээж байна. Шүүмжлэгчид эхийн холбоог таслах нь байгалийн бус, эрсдэлтэй гэж үзэж байгаа бол дэмжигчид эмэгтэйчүүдийг жирэмслэлтийн биеийн ачааллаас чөлөөлөх, үргүйдэлтэй гэр бүлүүдэд шинэ боломж нээх алхам гэж харж байна.

Энэхүү мэдээлэл нь зөвхөн ерөнхий мэдээ, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй. Эрүүл мэндийн асуудалтай бол эмч эсвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Эх сурвалж: Yahoo News