Хүүхдийн сэтгэл бас өлсдөг. Хүүхдийн сэтгэлийг өлдүүлэхгүй байхад анхаарна. Хүний зөвхөн ходоод биш сэтгэл бас өлсдөг. Энэ үед хүн дуугаа хураах, сэтгэл гутралд автах, бухимдах, давчдах, уур уцаар хүрэх, тавгүй байх зэргээр биед өөрчлөлт ордог.
Ялангуяа хүүхэд юу дутагдаж байгаа мэдэрдэггүй. Гэтэл хүнд амьд харьцаа дутагдсанаар сэтгэл өлдөх нөхцөл үүсдэг. Өөдрөг хүнтэй харьцаад эхлэнгүүт бүх хүний эд эс сэргээд, сэтгэл санаа өргөгдөөд ирдэг.
Мэдээж та чин сэтгэлээсээ сайн харьцах тусам хүүхдийн өл дарагдана. Сэргэсэн эд эстэй бие махбодь аливааг түргэн сурч хөгжинө. Хүүхэд сургуулийн хэдхэн минутын завсарлагаанаар бусадтай бараг харьцаж амждаггүй.
Хичээл дээр мэдээж хоорондоо ярихыг хориглодог. Тиймээс хүүхэдтэй сайн харьцах нь хүүхдийн сэтгэлийг тэжээгээд зогсохгүй тавгүйтэхээс хамгаална. Хүүхдэд тавгүйтэл үүсвэл таны болоод багшийн заах эрдмийг сонсохыг ч хүсэхгүй.
Тиймээс хүүхэдтэйгээ боломж гарах бүрт сайн харьцахыг хичээнэ. Инээлгэх, тоглох, ярилцах, унших, ухааруулах, сануулах, таалгах, хөгжөөх, ойлгуулах гээд харьцааны бүх хэлбэрийг ашиглана.
Хүний сэтгэл төдийгүй тархи бас өлсдөг. Хүний тархи элдэв мэдээлэл байнга нэхэж, хайж байдаг гэсэн үг. Хүүхдийн тархины өлсгөлөнг та бас дарахыг хичээнэ. Явган яриагаар түүнийг цатгачихвал хүүхэд мэдлэгээс зугтах хандлага үүснэ.
… хүүхдийн суралцах хүслийг улам өндөрсгөхийн тулд хүссэн номоо авахыг түүнд санал болгоно. Номын дэлгүүр дагуулж яваад сонирхсон номыг нь авч өгнө. Олон ном хүсэх тусам суралцах хүсэл нь идэвхижинэ.
… хүүхэд бага байхын хэрээр ихийг мөрөөднө. Нисгэгч болно, жүжигчин гоё, бүжиглэх сайхан гэх мэтээр. Балчир мөрөөдөл учир та нэг их эмзэглэх хэрэггүй. Харин ч хүсэл мөрөөдөл дээр нь тулгуурлаад хөөргөн дэмжиж, төлөвшүүлж, хөгжүүлэх зорилго тавина.
Дуртай зүйлдээ хүүхэд анхаарлаа маш сайн хандуулдаг. Яг тэр үед нь ойлгох чадвар, хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлэх зорилго тавина. Угсардаг онгоц авч өгөх, бүжгийн бичлэг тавих, хүүхдийн жүжиг үзүүлэх гэх мэт сонирхолыг нь дагуулан дэмжинэ.
Хүссэн, сонирхсон зурагт хуудас, ном диск, тоглоом зэргийг авч өгөх нь хүүхдийн сэтгэл санааг ихэд өргөж, идэвхитэй, сонирхолтой амьдрах төдийгүй сурч мэдэх хүслийг бадраадаг.
… долоон насанд хүүхдийн дотоод гоо зүй идэвхитэй хөгждөг нас. Учир нь хүүхэд гоё сайхан, загвар стильтэй, содон чамин зүйлд ихэд дурлаж эхэлдэг. Тиймээс энэ сонирхолыг өдөөж хүүхдийн дотоод гоо зүйг хөгжүүлнэ.
Сонирхож буй зүйлсийг нь авч өгөх, хүүхдийн жүжиг, тоглолт, музей, үзэсгэлэн үзэх, урлаг соёл, спортын тэмцээн уралдаан үзүүлэх, оролцуулахыг идэвхитэй дэмжинэ. Гадаад төрхөндөө анхаарах элдэв хүсэлт саналыг сайтар дэмжинэ.
Өөрийгөө хайрлаж сурах нь ирэх элдэв муугаас биеэ хамгаалж чадна. Мөн өөртөө итгэлтэй болж төлөвших нь сурах, амьдрах хүсэл дээшлэх сайн талтай.
… гурван нас бол эр зориг тогтдог нас. Болохгүй гэж хэлэх тусам хулчгар нэгэн болж байдаг. Тиймээс гараас нь хөтлөөд багахан нүх суваг дээгүүр харайлгах, ваннтай усанд тоглуулах, голын эргээр алхуулах, усан дотор зогсоох, бороонд нүцгэн гүйлгэх,
халуун элсэн дээгүүр гишгүүлэх, тал хээрээр хөл нүцгэн гүйлгэх, амьтны тухай богино хэмжээний баримтат кино үзүүлэх, усны гуталтай ус туулуулах, гулсуураар гулгуулах, савлуур дээр савлуулах, гараас нь бариад тоглоомын талбайн өгсдөг шатаар авируулах, буулгах зэрэг зориг нэмэх үйлдлүүдийг хийнэ.
Гэхдээ цас мөсөн дээр зогсоох, насанд нь ахадсан хэт өндөр гулгуураас гулсуулах, савлуурыг хэт хүчтэй савлах зэрэг зориг мохоох, айлгах, түгшээх, сэтгэцийн гэмтэл авахаар үйлдэл харин сэдэж болохгүй.
Айвал хүүхэд зориг зүрх нь мохож харин ч зугтаана. Хүүхдэд анзаарагдамгүй хөгжилтэй, хөөртэй байгаа мэтээр хөдөлгөөний эрчийг өдөр бүр бага зэрэг нэмж, хурдасгаж тоглож наадна. Хүүхэд үнэхээр дургүйцэж, цааргалж байгаа зүйл рүү харин та хүчилж болохгүй. Хүний толгой маш олон зүйлийг байнга сэдэж байдаг. Хамгийн их тушаа болдог зүйл бол зориг зүрх юм. Аль бага жаахнаас нь зориг тогтоох тусам улам илүү хөгжиж, ирээдүйд их бүтээлийн ард гарч чадна.
… гурван настануудад өдөр бүр харандаа цаас бариулна. Сараачих үед хүүхдийн өдөржин гүйж харайсан стресс ядаргаа тайлагдаж, суух чадвар тогтож, анхаарал төвлөрч, зурах үед эрч хүч нэмэгдэж байдаг.
Бүтээх хүсэл сонирхол бас үүснэ. Зурах авъяас байгаа эсэх нь огт хамаагүй. Зурсан дүрсээрээ хүүхэд өөрийгөө таньж, хүсэл мөрөөдлөө мэдэрч, сэтгэж бодож байдаг. Дагаад гарын эв дүй хөгжих төдийгүй тархины хурд нэмэгдэнэ.
Та ч түүний бүтээлээс хүсэл сонирхолыг нь мэдэх боломжтой. Эрт мэдэхийн хэрээр түүгээр дамжуулан хүүхдийг хөгжүүлэх бодлого барина. Учир нь хүн дуртай зүйлдээ их цаг, хүч, тэвчээр зарцуулж чаддаг.
… дөрвөн нас бол бие хүн гэдгээ мэдэрч эхэлдэг үе. Тиймээс гэр дотор түүний хувийн орчныг үүсгэх хэрэгтэй. Булан тохойд ч хамаагүй шкаф, тавиур зэргийг байрлуулж түүний эд юмсыг байрлуулна.
Энэ нь бие даах чадвар бүрэлдэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Түүний эд юмсыг харин улам баяжуулж байхыг та хариуцна. Мэдээж эхлээд шинэ номоор, харандаа дэвтэр, тоглоом, гоёл зүүлт, наадаг зураг, чимэглэл, хайрцаг сав, зураг гэх мэт…
Эх сурвалж: “ШИНЭ ЦАГИЙН ТӨЛӨВШИЛ” номноос.