Орчин үеийн хүний өдөр тутмын амьдралыг ухаалаг гар утасгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон. Харин энэхүү технологийн тав тух нь бидний нойр, тархины үйл ажиллагаа, бие махбодийн тэнцвэрт байдалд сөрөг нөлөө үзүүлж байгааг шинжлэх ухааны судалгаанууд анхааруулсаар байна.
Хүний бие махбодь болон тархи тодорхой биологийн хэмнэл-ийн дагуу ажиллаж, шөнийн цагаар бүрэн амарч байж эрүүл хэвийн үйл ажиллагаагаа хадгалдаг. Гэвч унтахын өмнө гар утас, таблет, компьютерийн дэлгэц удаан харах нь энэ хэмнэлийг алдагдуулж, эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсгэдэг байна.
Нойр ба мелатонин гормоны үүрэг
Харанхуй орчинд хүний тархи мелатонин хэмээх гормоныг ялгаруулж эхэлдэг. Энэ гормон нь:
-
Унтах дохио өгөх
-
Төв мэдрэлийн системийг тайвшруулах
-
Бие махбодийг сэргээн нөхөн сэргээх
чухал үүрэгтэй.
Гэвч гар утас болон цахим төхөөрөмжөөс ялгардаг цэнхэр гэрэл нь тархинд “өдрийн гэрэл” мэтээр нөлөөлж, мелатонины ялгаруулалтыг саатуулдаг. Үүний улмаас тархи унтах цаг болоогүй гэсэн буруу дохио хүлээн авч, нойр хулжих шалтгаан болдог.
Гар утасны хэрэглээний сөрөг нөлөөнүүд
1. Хорт бодисын хуримтлал нэмэгдэнэ
Өдрийн турш хүний тархинд бодисын солилцооны явцад нейротоксин хэмээх хорт бодисууд хуримтлагддаг бөгөөд эдгээр нь шөнийн гүн нойрны үед гадагшилдаг.
Харин нойр дутуу үед:
-
Хорт бодис бүрэн гадагшлахгүй
-
Толгой өвдөх, ядрах
-
Мэдрэлийн тогтолцооны хэвийн үйл ажиллагаа алдагдах
-
Стресс, цочромтгой байдал нэмэгдэх
сөрөг үр дагавар үүсдэг.
2. Суралцах чадвар буурна
“Соошиал сүлжээгээ нэг шалгаад унтана” гэж бодсоор өглөөтэй золгодог явдал олон хүнд танил. Нойр дутуу үед тархи:
-
Шинэ мэдээлэл хүлээн авах чадвар муудна
-
Анхаарал төвлөрөл сулрана
-
Оюуны бүтээмж эрс буурна
Учир нь тархи нойрны явцад л мэдээллийг боловсруулж, тогтоон хадгалдаг.
3. Ой санамж доройтно
Нойр дутуу байдал нь ой санамжид шууд нөлөөлдөг. Шинэ мэдээлэл тогтоохоос гадна хуучин дурсамж, мэдээллийг эргэн санах чадвар ч мууддаг. Үүнийг эмх замбараагүй шүүгээтэй зүйрлэж болох бөгөөд хэрэгтэй зүйлээ олох улам хэцүү болдог.
4. Өлсгөлөн мэдрэмж нэмэгдэнэ
Мелатонины ялгаруулалт алдагдахад дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа ч мөн доголддог. Ялангуяа:
-
Гэдэс, ходоод
-
Дааврын тэнцвэр
Нойр дутуу үед бие ядарсан ч тархи сэргэлэн хэвээр байдаг тул нэмэлт хоол шаардах дохио илгээдэг. Энэ нь шөнийн цагаар илүүдэл хооллох, бодисын солилцооны алдагдалд хүргэх эрсдэлтэй.
5. Хараа муудна
Цахим төхөөрөмжөөс ялгардаг цэнхэр гэрэл нь:
-
Нүдний ядаргаа
-
Харааны мэдрэлийн ачаалал
-
Урт хугацаанд хараа муудах
сөрөг нөлөөтэй. Ялангуяа харанхуй орчинд дэлгэц ширтэх нь нүдний бүтцэд илүү ачаалал өгдөг.
Эрүүл нойрыг дэмжих зөвлөмж
Эмч, судлаачид дараах зөвлөмжийг өгдөг.
-
Унтахаасаа дор хаяж 2 цагийн өмнө бүх төрлийн дэлгэц хэрэглэхгүй байх
-
Унтах өрөөг харанхуй, чимээгүй байлгах
-
Гар утсанд цэнхэр гэрэл шүүгч (blue light filter) ашиглах
-
Өдөр байгалийн гэрэлд тогтмол гарах
-
Тогтмол цагт унтаж, сэрэх дадал хэвшүүлэх
Эх сурвалж: Harvard Medical School – Blue light has a dark side
