Sanford Burnham Prebys болон Бернийн их сургуулийн эрдэмтэд түрүү булчирхайн хорт хавдрын эсийг устгах шинэ боломжийг нээжээ. Тэдний судалгаагаар PI5P4Kα хэмээх нэгэн ферментийг чиглэн дарангуйлснаар дааврын эмчилгээнд тэсвэртэй болсон хавдрын эсүүдийг хүртэл устгах боломжтой болохыг тогтоосон байна. Энэ нээлтийг Science Advances сэтгүүлд нийтэлжээ.
PI5P4Kα фермент нь уламжлалт эмчилгээ үр дүнгээ өгөхөө больсон үед хавдрын эсүүдийн амьд үлдэхэд чухал үүрэгтэй. Судалгааны явцад уг ферментийг хориглосноор эрүүл эсүүдийг гэмтээлгүйгээр зөвхөн хавдрын эсийг устгах боломжтойг тогтоосон нь энэхүү аргын давуу тал болж байна.
Эрдэмтэдийн анхаарлыг өвчтөнүүдийн өгөгдөлд илэрсэн нэгэн нийтлэг шинж татжээ: түрэмгий хэлбэрийн түрүү булчирхайн хорт хавдартай хүмүүст PI5P4Kα-ийн түвшин өндөр байсан байна. Лабораторийн туршилтууд ч үүнийг баталж, уг ферментийг хаахад хавдрын өсөлт зогсож, дааврын эмчилгээ нөлөөлөхөө больсон тохиолдолд ч хавдрыг дарангуйлж чаджээ.
Энэхүү нээлт нь хавдрын эсрэг илүү зорилтот, хоруу чанар багатай эмчилгээний шинэ үеийг нээж болох бөгөөд ингэснээр өвчтөнүүдийн амьд үлдэх боломж болон амьдралын чанарыг мэдэгдэхүйц сайжруулах ирээдүйг харуулж байна.
Эх сурвалж: Sanford Burnham Prebys
