Хэрэв та шөнө 3 цагаас хойш сэрээд дахин унтаж чадалгүй шаналж байна уу? Үүрийн 4:30–5:30 цагийн хооронд бие тавгүйрхэн сэрж, ядран хоносон мэт мэдрэмж төрдөг бол энэ зүгээр нэг түр зуурын нойргүйдэл биш байж мэднэ. Уламжлалт анагаах ухаан болон сэтгэлзүйн судалгаанд үндэслэн дараах зөвлөмжийг танд хүргэж байна:
Эхлээд эрүүл мэндээ нарийн шинжлүүл
Нойрны эмгэгийн ард зарим тохиолдолд зүрх судасны, мэдрэлийн эсвэл дотоод шүүрлийн тогтолцооны өөрчлөлт байж болдог. Тиймээс иж бүрэн шинжилгээ өгч, илүү ноцтой өвчин байгаа эсэхийг эхлээд оношлуулах нь нэн чухал.
Хийг тэнцвэржүүл
Хэрвээ шинжилгээгээр тодорхой өвчин илрээгүй бол таны биед “хий арвидсан” байж болзошгүй. Уламжлалт анагаах ухаанд “хий” арвидах нь сэтгэл санааны тогтворгүй байдал, ядаргаа, нойргүйдэл зэргийг үүсгэдэг. Хийтэй хүн ихэвчлэн үүрээр буюу хийний цаг (03:40–07:40)-т сэрдэг.
Сэрэх бүртээ биеэ дулаацуулах
Хий арвидсан үед шөнө сэрвэл буцалсан халуун ус эсвэл өөх тосгүй халуун шөл ууж хэвших нь хий дарахад тустай. Шөнө бүр энэ зуршлыг хэрэгжүүлснээр нойр хэвийн болох хандлага ажиглагддаг.
Цагийн хуваарийг биеийн эрч хүчтэй уялдуул
-
-
Хийн цаг (03:40–07:40, 15:40–19:40): Энэ үед бие илүү эмзэг, шингээлт хурдан явагддаг тул халуун, шөлтэй, хөнгөн хоол тохиромжтой.
-
Шарын цаг (11:40–15:40): Шингээлт хамгийн хүчтэй явагддаг учир махтай, илчлэг ихтэй хоол идэхэд тохиромжтой.
-
Бадганы цаг (07:40–11:40, 19:40–23:40): Энэ үед хоолны шингээлт удаан байдаг тул хоол идэхгүй байх, эсвэл маш хөнгөн зүйл хэрэглэх нь зохистой.
-
Нойрыг хүндэтгэ – унтах цагаа тогтмолжуул
Оройн 21:30–23:00 цагийн хооронд унтаж амрах нь хамгийн эрүүл хэв маяг юм. Харин 23:40–03:40 бол сарны хүч давамгайлдаг цаг. Энэ үед гүн нойронд автах нь биеийн нөхөн сэргээлтэд тустай байдаг.
Өглөөний цай бол өглөөний эрдэнэ
Өглөө 07:40-аас өмнө өглөөний цайгаа уух, тэр дундаа хий дарах шар тос, өрөмтэй цай уух нь хий хөөрөхөөс сэргийлж, өдрийн турш эрч хүчийг хадгалдаг.
Оройн хоолыг хөнгөн байлга, цагаасаа хэтрүүлэхгүй байх
Оройны 19:40-аас хойш хоол идэх нь биеийг хүнд болгож, нойронд муугаар нөлөөлдөг. Шингээлт удааширч, бадганы хэт их үйлчлэл үүсэх тул орой бүр хөнгөн хооллож, заавал унтахаасаа өмнө аяга халуун ус ууж хэвтэх зуршилтай бол.
Нойр сайжруулах 7 арга
-
Тогтмол цагт унтаж, сэр
– Биеийн биологийн хэмийг хэвшүүлнэ. -
Унтахын өмнө дэлгэцнээс холд
– Цэнхэр гэрэл тархийг сэрүүн байлгана. -
Оройн цагаар кофе, хийжүүлсэн ундаанаас зайлсхий
– Кофеин мэдрэлийг сэргээдэг. -
Сэтгэлээ амраа — байгальд алхаж, амьсгалын дасгал хий
– Тархийг тайвшруулна. -
Унтлагын өрөөг харанхуй, чимээгүй, сэрүүн байлга
– Орчны тохиромж нь гүн нойрын үндэс. -
Сэтгэл зовнидог зүйлсээ тэмдэглэж бич
– Сэтгэлээ хөнгөлж, тайван унтаж чадна. -
Өдөрт 30 минут идэвхтэй хөдөлгөөн хий
– Физик ачаалал нойрыг сайжруулдаг.
Нойр бол эм. Таны бие шөнө унтаж байхдаа өөрийгөө нөхөн сэргээж, дотоод заслаа хийж байдаг. Тиймээс нойрны хямралыг үл тоож болохгүй. Биеэ анзаарч, дотоод тэнцвэрээ сэргээж чадвал нойр ч, сэтгэл санаа ч тогтвортой болдог. Ганцхан зуршил ч таны амьдралыг эрүүл рүү чиглүүлэх хүчтэй.
