Орчин үед хүмүүс илүүдэл жингээсээ ангижирч, эрүүл амьдралын хэв маягтай болохыг эрмэлзэх болсон. Гэвч жин бууруулахдаа буруу аргаар, хэт их ачаалал өгснөөс өвдөгний үе гэмтэх нь элбэг байдаг.
Жингийн илүүдэл нь өвдөгний үе дээр илүү ачаалал, даралт өгдөг нь үнэн. Гэвч зарим хүмүүс үүнээс сэргийлэх нэрийдлээр ууланд удаан алхах, 108 мөргөх, мөлхөх, удаан хугацаагаар спиннинг дээр хичээллэх зэрэг хэт их ачаалалтай дасгал хийснээр өвдгөндөө илүү их гэмтэл учруулдаг байна.
Жаргалсайхан эмч – гэмтлийн мэс засалч ийн зөвлөж байна:
“Залуухан бүсгүйчүүд турна гэж бодоод удаан хугацаанд спиннинг хичээллэх нь өвдөгний үеийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Үеийг хамгаалж, эрүүл байлгахын тулд ачаалал багатай, үе мөчид даралт бага өгөх дасгалуудыг сонгох хэрэгтэй.”
Яагаад хэт их ачаалал хортой вэ?
-
Өвдөгний үеийн мөгөөрсөн эд элэгдэж, үений завсар нарийсч өвчин нэмэгдэнэ.
-
Удаан хугацаагаар жийх, хэт удаан алхах нь үеийн эдийг гэмтээж, шөрмөс, холбоосыг ачаалуулна.
-
108 мөргөх, ууланд удаан алхах нь үе мөчид даралт өгч, өвдөлтийг ихэсгэнэ.
Ямар дасгал тохиромжтой вэ?
-
Тэгшхэн газар алхалт – үе мөчид бага ачаалал өгч, хөдөлгөөний эрчим сайжруулна.
-
Өвдөгний үеэд ачаалал өгөхгүй дасгал – усанд сэлэх, сууж босох хөнгөн дасгалууд, сунгалтын дасгал.
-
Өөрт тохирсон ачаалал – хөдөлгөөнийг өөрийн биеийн байдалд тохируулан хийх.
Дасгалын дараах эрдэс нөхөлт
-
Дасгал хийхэд хөлс, шүлсээр эрдэс бодис алдагддаг учир кальци, магни, кали зэрэг нэмэлт эрдсийг нөхөж байх шаардлагатай.
-
Шөрмөс татах – кали дутагдаж буйн шинж, үзэмний шүүс, калитай хоол хүнсээр нөхөж болно.
-
Ясны сийрэгжилтээс сэргийлэх – кальци, D аминдэмийг тэнцвэртэй авч, дасгалын дараа сүү, тараг, кальцийн бэлдмэл хэрэглэх.
Жин хасахдаа хэт их ачаалалтай, үе мөчид даралт их өгдөг хөдөлгөөнөөс татгалзаж, өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг сонгох нь хамгийн зөв. Өдөр тутамдаа тэнцвэртэй хөдөлгөөн, эрүүл хооллолт, эрдсээ нөхөх зуршлыг хэвшүүлж байгаарай.
Эх сурвалж: н.Жаргалсайхан эмч
