Германы Ульм хотод нэгэн багийн дизайнер, инженерүүд хамтран гудамжинд амьдарч буй хүмүүст өвлийн хүйтэн шөнө аюулгүйгээр давах боломж олгох зорилгоор нарны эрчим хүчээр ажилладаг унтлагын капсулуудыг бүтээжээ. “Ульмер Нэст” нэртэй эдгээр капсул нь дулаан хадгалах тусгай тусгаарлагчтай, салхи, усны нэвтрэлтгүй тул өвлийн ширүүн нөхцөлд түр хоргодох аюулгүй орон зай болж өгдөг.
Electrical Technology-ийн мэдээлснээр, нэг капсулд хоёр хүртэл хүн багтах боломжтой бөгөөд CO₂ болон утааны мэдрэгч, агааржуулалтын систем, мөн тогтвортой дулаан ба гэрэлтүүлгийг хангах нарны хавтангаар тоноглогджээ.
Эдгээр капсул нь хувийн орон зай, нэр төрийг хамгаалахад анхаарч хийгдсэн бөгөөд дотор нь камер байхгүй, оршин суугч дотроосоо цоожлох боломжтой. Хэн нэгэн ормогц хөдөлгөөний мэдрэгч ажиллаж, нийгмийн ажилтнуудад дохио өгдөг бөгөөд тэд өглөө нь ирж тухайн хүнд дэмжлэг үзүүлдэг.
“Ульмер Нэст” багийн хэлснээр, уг санаачилга 2020 онд туршилтын байдлаар эхэлсэн бөгөөд удалгүй орон нутгийн иргэдийн өргөн дэмжлэгийг авчээ. Хотынхон хүртэл капсулд хоносон хүмүүст халуун цай, уух юм авчирч өгдөг болсон байна. Хэдийгээр энэ нь байнгын орон сууцны шийдэл биш ч, онцгой нөхцөлд амь аврахуйц түр орогнол болж, маш олон хүний амьдралыг хамгаалж байна.
Эх сурвалж: Electrical Technology
