Байнга шөнө дундаас хойш орондоо ордог бол зүрх судасны өвчний эрсдэл 27% нэмэгддэг

by admin

Орчин үеийн амьдралын хэв маягт шөнө оройтож унтах зуршил түгээмэл болсон. Гэвч судалгаагаар шөнө дундаас хойш унтдаг хүмүүсийн хувьд зүрх судасны өвчний эрсдэл нэмэгддэг болохыг тогтоожээ.

European Heart Journal-д нийтлэгдсэн судалгаагаар орой 10–11 цагийн хооронд унтдаг хүмүүсийг хамгийн эрсдэл багатай бүлэг гэж үзсэн байна. Харин шөнө дундаас хойш унтдаг хүмүүсийн хувьд зүрх судасны өвчний эрсдэл ойролцоогоор 25–27% нэмэгдсэн гэсэн дүгнэлт гарсан.

Энэ нь хүний биеийн биологийн цаг (circadian rhythm)-тай холбоотой. Бидний бие тодорхой хэмнэлээр ажилладаг бөгөөд шөнө орой унтах үед энэ хэмнэл алдагдаж, дараах сөрөг өөрчлөлтүүд үүсдэг:

  • Цусны даралт шөнөдөө бүрэн буурахгүй байх

  • Зүрхний ачаалал нэмэгдэх

  • Дааврын тэнцвэр алдагдах

  • Үрэвслийн процесс идэвхжих

Мөн шөнө орой унтах нь ихэвчлэн нойр дутуу байх, ядаргаа ихсэх, буруу хооллох зуршилтай хавсардаг нь зүрхэнд давхар ачаалал өгдөг.

Түүнчлэн судлаачид эмэгтэйчүүдийн хувьд энэ нөлөө илүү мэдрэгдэж болзошгүйг онцолсон байдаг. Учир нь дааврын өөрчлөлт, биологийн онцлогоос шалтгаалан нойрны хэмнэл алдагдах нь зүрх судасны эрсдэлд илүү хүчтэй нөлөөлж болох юм.

Тэгвэл юу хийх вэ?

Эрүүл мэндээ хамгаалахын тулд:

  • Өдөр бүр тогтмол цагт унтаж хэвших

  • Боломжтой бол 22:00–23:00 цагийн хооронд орондоо орох

  • Унтахын өмнө дэлгэцийн хэрэглээг багасгах

  • Тайвшруулах зуршил (ном унших, амьсгалын дасгал) бий болгох

Сайн нойр бол зүгээр нэг амралт биш, харин зүрх судасны эрүүл мэндийг хамгаалах хамгийн чухал дадлын нэг юм. Өдөр бүр хэдэн цаг унтаж байгаагаас гадна хэзээ унтаж байгаагаа анхаарах нь ч мөн адил чухал юм. Зүрхни үйл ажиллагааг дэмжих био идэвхт цэгэн иллэгийг сураад аваарай. Орой унтаж амрахын өмнө дагаж хийгээд зүрхний үйл ажиллагаагаа дэмжиж хайрлаарай.

Энэхүү мэдээлэл нь зөвхөн ерөнхий мэдээ, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй. Эрүүл мэндийн асуудалтай бол эмч эсвэл мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Манай мэдээллийг авах, гээхийн ухаантай уншаарай. Таньд талархлаа.

Эх сурвалж: European Heart Journal – унтах цаг ба зүрх судасны эрсдэлийн судалгаа